Friday, November 10, 2006

Амьдралын хэв маяг

Би өөрийн амьдралын хэв маягийг нэг л сайн ойлгохгүй байх чинь. Хүн амьдралынхаа хүрээгээ өөрчлөн өөр орчинд амьдраад ирэхээр бодож сэтгэж байгаа нь өөрчлөгддөг юм шиг. Хараад байхнаа энэ блог бичиж байгаа хүмүүс харь оронд байгаа хүмүүс ихэвчлэн байх юм. Аргагүй ч биз эх орон ахан дүүсээ санахаар сэтгэлд нь бичих эрмэлзэл төрдэг биз. Мөн тэр орны хөгжил дэвшилийг нь харан өөрийн бодол санаанд нь ямар нэгэн бодол төрдөг байх. Сая хэд хэдэн хүний блогийг уншиж байхнаа EMOS клубын орчуулан хэвлэсэн "Өөрийгөө хөгжүүлье" номын хэсгээс Бүтээлч хүмүүн сэдэв рүү орж уншлаа. Маш их сонирхол төрөөд байна энэ номыг уншиж эхэлсэн. Сүүлийн үед ном унших сонирхол их хөдлөөд байгаа. Баабар гуайн "Монголчууд Нүүдэл Суудал" номыг уншиж байгаа. Бас сайн бичсэн сонирхолтой ном юм билээ шүү. Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэж байх хэрэгтэй гэж бодож байна. Үндэсний телевизээр гарч байгаа "Аахаа" нэвтрүүлгийг үзэхэд тэрэнд оролцож байгаа залуучууд түүхээ мэддэггүй юмуу гэсэн бодол төрдөг. Гэхдээ тулгамдаад, сандраад хариулж чадахгүй байж болно л доо. Монголчууд бид хий хоосон ярих биш ном уншиж гэгээрцгээе.

Sunday, September 17, 2006

CVS - Concurrent Versions System

CVS – Програм хангамжийн эх кодын бүртгэлийн систем

Манай програм хангамж үйлдвэрлэгч компаниуд болон энэ чиглэлийн их дээд сургуулиуд маань орчин үеийн хөгжилтэй зэрэгцэж гадаадын зах зээлд орж ажиллахад дараахь зүйл шаардлагатай:

• Програмчлалын нарийн мэдлэг, түвшин
• Багаар хамтарч ажиллах болон зайнаас ажиллах туршлага
• Эцсийн бүтээгдэхүүн буюу програм хангамжийн үйл ажиллагааг нарийн нягтлах тестийн үйл ажиллагаа
• Хэрэглэгчидэдтэй харилцах сайн менежмент
• Ажлын зохион байгуулалт, өдрийн дэглэм, цагын хуваарь
• Гадаад хэлний мэдлэг, гадаад хэлээр харилцах чадвар

Энд онцлож багаар хамтарч ажиллах (team working), болон зайнаас ажиллах (outsourcing) талаар ярья. Өнөө үед интернет болон интранетээр дамжуулан гэрээсээ ажиллах боломжтой байгаа. Тэгвэл яг чухам ямар програм, технологи ашиглаж үүнийг хэрэгжүүлэхийг нь тэр бүр ярихгүй байгаа болохоор манай дадлагажигч болон оюутан залуустаа энэ талаар ойлголт өгөхийг хичээсэн болно.

Зайнаас ажиллахад зориулагдсан олон програм хангамж байдаг боловч хамгийн их тархсан боловч үнэгүй байдаг нэгэн програмыг танилцуулья.

CVS (Concurrent Versions Control System) бол програмын версийн удирдлагын систем юм. Yүнийг ашигласанаар програмын эх кодын түүхийг (history of source code) хадгалах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл тухайн програмын бүх версүүдийн эх кодуудыг түүнд харгалзах тайлбартайгаар нь хадгалдаг. Энэ нь ихэнхи хөгжүүлэгчүүдэд тохиолддог өмнө бичиж байсан эх кодыг мартах, том хэмжээний програмын эх код дотор төөрөх гэх мэт ажиллагааг хөнгөвчилж өгдөгөөрөө ашигтай байдаг.

Жишээлбэл: ‘Номын сангийн удирдага’ гэсэн програмын v2.0 гэсэн верс дээрхи ном бүртгэх хэсэг дээр алдаа (bug) гарсан байлаа гэж үзье. Харин үүний өмнөх v1.9 гэсэн верс дээр уг алдаа байгаагүй үед тухайн алдааг (bug) засахын тулд 1.9 версийн эх кодоос сэргээх хэрэг тулгарна. Хэрвээ энэ үед ямар нэгэн версийн удирдлагын систем ашиглаагүй байсан бол сэргээхэд их хүндрэл учирна. Маш олон файлууд хайх ба тухайн програмын зөвхөн ном бүртгэх хэсгийн кодыг бичсэн хөгжүүлэгч олох юм уу түүнээс туслалцаа авах хэрэгтэй болдог. Энэ нь олон хөгжүүлэгчүүд, олон газраас, интернетээр болон дотоод сүлжээ ашиглан ажиллаж байгаа үед цаг алдах, үл ойлголцох зэрэг хүндрэл гарах шалтгаан болно.

Харин уг програмыг версийн удирдлагын систем буюу тухайлбал бидний ярьж байгаа CVS системийг ашиглаж байгаа бол ‘ном бүртгэх’ гэсэн түлхүүр үгээр програмын файлуудын тайлбар дотроос хайж уг ном бүртгэж байгаа хэсгийн кодыг олох юм уу эсвэл эх кодуудыг бичиж, засч байсан бүртгэлээс хайн хялбарханаар олж болно.

Үргэлжлэл бий...

Monday, June 12, 2006

Толгойд байгаа бодлыг кодчлох

Би код бичихдээ тааруухан юм. Тухайн системийн үйл явц, хийх үйлдэл, кодчилох даалгаварыг ойлгоод байгаа боловч код болгон буулгахдаа нэг л аргаа олохгүй байгаа юм. Толгойд байгаа логикоо шууд цаасан дээр бичээд авдагч үүнийгээ ямар класс, функц ашиглаж хийх талаар муу юм. Үүнд та бүхэн санал бодлоо бичээч гэж хүсэж байна.

Tuesday, May 23, 2006

Share хийх

Сайн байцгаана уу та бүхэн. Би ойрын өдрүүдэд блогоо бичилгүй орхигдуулсан байна. Мөн comment гэж байдгийг мартсан байна. Та бүхнээс ирсэн comment- ыг уншаад урам зориг орлоо. Хүн бүрийн мэдлэгийн түвшин өөр өөр байдаг билээ. Иймд хүнээс юм сонсоно гэдэг бол өөрийн мэдлэгийн түвшингээ ахиулж байна гэж би боддог. Хүний ярж байгааг анхааралтай сонсож тэр хүнээс сонирхолтой яриа сонсохын тулд түүний эсрэг бодолтой баймаар байдаг. Саяхан болсон нийллэгээс их олон зүйл сонсон мэдэж авсан билээ. Иймд хүний санал бодол мэдлэг чадварыг байнга сонсох боломжгүй байдаг юм. Үүнийг блогоос авах боломжтой юм байна гэдгийг ойлголоо. Хүн бүхэн мэдлэг чадвар, уншсан сонирхолтой нийтлэл, зэмлэлээ бичиж бусаддаа share хийж байгаарай гэж хэлмээр байна.

Wednesday, April 12, 2006

Тэдний үе дуусаасай

Монгол оронд маань ойрын өдрүүдэд юу болоод байнаа. Би гадуур болж буй мэдээ мэдээллээс хоцроод байх шиг. Нэг мэдэхэд бөөн цуглаан үймээн болох юм. Хэн яах гээд юу болоод байнаа. Тэд бол иргэний хөдөлгөөнийхөн бололтой. Би уул нь тэдний юу хийж, ямар зүйл хэлж байгааг алхам дутамдаа анхаарч байдагсан. Гэвч ойрын өдрүүдэд чадсангүй. Тэдний зорилго юу вэ?. Миний ойлгосноор эцсийн эцэст сайхан амьдралын төлөө л юм даа. Ингэхийн тулд мэдээж янз бүрийн хүчин зүйл хамаарах байх. Уржигдарын цуглааныг орой гэртээ хариад ТВ- ээр үзлээ. Би ТВ- ийн мэдээ мэдээлэл үзэх дуртай. Тэгтэл бөөн юм болжээ. Монгол орны төрийн тэргүүн болоод Засгийн газар, УИХ гээд төрийн өндөрлөгүүдийг огцорохыг шахан шаардажээ. Тэдний хийж буй үйлдэл надад таалагдаж байна. Үнэхээр төрийн өндөрлөгт байгаа тэдгээр эрх тарахтнууд нэг л бишээ. Ард түмэн худлаа хэлээгүй гэдэгт Би итгэх боллоо. Тэднийг бүгдийг огцоруулж шинэ үе гарч иртэл Хээл хахуул, Авилгал, Нийгмийн үймээн, Цуглаан тасрахгүй гэж бодож байна. Ардчилал бий болж буй он жилүүдэд гарч ирсэн эдгээр хүмүүсийн үе бушуухан дуусайсай. Бидний цоо шинэ үеийн залуучуудыг битгий мунхруулж өөрсдийнхөө гар хөл бүү болгоосой. Бидний цоо шинэ сэтгэлгээтэй залуучууд гарч ирсэнээр нийгэм эрүүжих болно гэдэгт итгэж байна.

Tuesday, April 11, 2006

Би өөрөө л хийнэ.

Хүн гэдэг амьтан бусад амьтнаас юугаараа ялгаатай вэ?. Үүнд олон хариулт өгөх байх. Харин би нэг л зүйлийг дурдая. Хүн яахын тулд ажиллан хөдөлмөрлөдөг вэ?. Товчхондоо сайн сайхан амьдрахын тулд л ажил хийдэг. Энд олон зүйлийг бичих л байх гэхдээ би зохиолч бишээ жирийн нэгэн залуу өөрийн бодлоор л бичиж байна. Монголын нэг зүйр үг байдаг даа Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ тиймээ энэ үг хүнийг бусад амьтнаас ялгаж байгаа юм болов уу. Бүсад амьтад идэх гэж л хөдөлдөг. Харин хүмүүс...энд олон хариулт байж болно. Ажил хийх ямор гоё вэ?. Олон найз нөхөд, ажлын орчин, хүнтэй харицах харьцаа гээд олон зүйлтэй учирах юм. Би өөрийнхөө сайн сайхан явахын төлөө би өөрөө л ажил хийн хөдөлмөрлөнө. Манайд ирсэн нэгэн лам багш ингэж хэлж билээ Нэгэнт тэр хүний л хийх ажил мөн учир бусад хүмүүсийг харалгүй өөрөө л хийх ёстой гэж. Жишээ нь Тэр багш Ээж эрэгтэй дүү хоёртойгоо гандангийн дэнжид амьдардаг. Ээж нь өндөр настай учир гэрийн гадуур ажил хийхэд хэцүү харин Багш өдөржин ганданд ном уншина. Харин дүү нь 10 жилийн сургуульд сурдаг. Тэгтэл лам багшийг орой гэртэй ирэхэд ус аваагүй түлээ хагалаагүй байж. Энэ ажлыг дүү нь хийх ёстой нь ойлгомжтой. Маргааш болсон ч хийнэ. Нэгэнт л тэр хүний хийх л ажил мөн учир цаг тухайд нь хийх л ёстой. Үүнийг тэр дүү нь ухаар ч ойлгоогүй учир хийгээгүй байх. Тиймээс өөрийн хийж чадах буюу хийх ёстой ажлаа хийхээс өөр аргагүй юм. Надад хийх ажил зөндөө байна үүийг Би өөрөө л хийх ёстой.

Блог гэж юу вэ?

Сайн байцгаана уу?. Би анх удаа блог бичиж байна. Блог гэдэг ямар байх ёстой вэ?. Үүнд хариулт олж чадахгүй юм. Үүнийг бичсэнээрээ ямар ашиг тустай вэ?. Өөрт ямар нэгэн зүйл авчирч өгөх юм уу? гээд олон зүйл толгойд эргэлдээд байх юм. Чухамдаа би блог бичиж яах гэж байна. Би өөрийгөө л нээх гэж байна. Тиймээ би яагаад бичиж болохгүй гэж. Энд юугаа бичнэв өөрийн дур. Юуг, яаж ч бичиж болох юм байна. Харин тэгэхдээ хүнд ухаарал, сургамж, зэмлэл, сургаал болохуйц зүйл бичвэл ямар гоё вэ тэ. Гэхдээ интернэтэд бичихээс өмнө өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийн бодол санаагаа бичиж байсан. Одоо харин өөрийн санаж яваа зүйлээ бусдад дэлгэх гээд үүнийг тэрлэж байна. Би өдий хүртлээ хүний бичиж байсан тэмдэглэл, зохиолыг уншиж байсан бол одоо өөрийн бичсэн тэрхэн бодлоо туурвиж өөрийгөө илэрхийлэх болно.